Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 7-р сарын 2-4-ний өдрүүдэд тус холбооны тэргүүлэгч болсон ОХУ-ын Буриадын БНУ-д албан ёсны айлчлал хийв.
Им дарга эхлээд Буриадын БНУ тус Холбооны тэргүүлэгчээр ажиллах болсонд баяр хүргээд NEAR-ийн тугийг гардуулан өгч, 2026 онд зохион байгуулах Дээд түвшний Ажлын хэсгийн хурал, 2027 оны Бүгд хурлыг амжилттай зохион байгуулахад NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн Буриадын талаас уламжлалт анагаах ухаан, аялал жуулчлалын салбар хороог хуралтай хамтатган зохион байгуулах саналтай холбогдуулан арга хэмжээнд орон нутгуудаас урьж оролцуулах хүний тоо(2 эсхүл, 4), арга хэмжээний үргэлжлэх хугацаа(3 хоног, 4 өдөр), онгоцны нислэгийн асуудал зэргийг зохицуулж өгөхийг хүслээ.

Буриадын БНУ өнгөрсөн хугацаанд Буддын шашны олон улсын форум, Орос-Монголын их сургуулийн захирлуудын хурал зэрэг олон улсын чанартай том арга хэмжээг амжилттай зохион байгуулсан туршлагатайн хувьд NEAR Холбооны тэргүүлэгчийн хувиар бүх арга хэмжээг амжилттай зохион байгуулахад итгэл төгс байна гээд Дээд түвшний Ажлын хэсгийн хурал, Бүгд хурал, 2 салбар хорооны хурлыг хамтад нь зохион байгуулахад гарах төсвийн асуудлыг хариуцахаар илэрхийлээд арга хэмжээнд урих хүний тоо, арга хэмжээ үргэлжлэх хугацааг тогтохдоо цаашид NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай зөвлөлдөж шийдэх ба онгоцны нислэгийн асуудлыг ч тусад нь арга хэмжээ авч үзнэ гэв.
Буриад улсын тэргүүн Цыденов Москвад Кремлийн ордонд ажлаа дуусгаад Улаан Үд хот руу хоцорч ирсэн тул эхлээд цахимаар Им даргатай уулзалт хийсэн бөгөөд дараах өдөр нь Улаан Үдийн нисэх онгоцны буудалд уулзжээ.
Айлчлалын үеэр Им дарга Буриадын дэд тэргүүн Евгения Лүдповагийн хамт Байгаль нуур орчмын шинээр баригдаж буй зочид буудал, тусгай эдийн засгийн бүс, уламжлалт анагаах ухааны төв, стартап-инновацийн төв, Буриадын үндэстний найрамдлын ордонд зочилсон бөгөөд Буриадад оршин суугаа Солонгос иргэдийн холбоотой уулзалт хийв.
