NEAR-ийн Тэргүүлэгч орон нутаг Ляонин мужийн захирагч Ли Лэчэн 9 сарын 24-ний өдөр NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн 14 дүгээр хуралд оролцож буй Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин болон гишүүн орон нутгуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, оройн зоог барив.
Уулзалтад Киргиз улсын Чүй мужийн амбан захирагч Канат Жумагазиев, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Шадар сайд Екатерина Кочетова, БНСУ-ын Пухан хотын орлогч дарга Жан Сан Гил зэрэг Япон, Солонгос, Монгол, Орос, Киргиз зэрэг таван орны 20 орчим төлөөлөгч оролцлоо.
Түүнчлэн БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд асан, ГХЯ-ны Азийн газрын Элчин сайд Син Хаймин, Ляонин мужийн Ардын засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Пэн Шоучуан тэргүүтэй Ляонин мужийн 6 албан тушаалтан, Ниншя-Хуй ӨЗО болон Чинхай мужийн худалдааны менежерүүд зэрэг 8 албан тушаалтан оролцов.

Энэ өдөр Ляонин мужийн захирагч Ли Лэчэн уулзалтад оролцсон төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, Ляонин мужийн хөгжлийн байдлыг тайлбарлав. Тэрээр мөн “NEAR-ийн гишүүн орон нутгийн засаг захиргаа бүр бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Зүүн хойд Азийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахыг” санал болгов.
Үүний дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин "Сүүлийн үед NEAR нь гишүүн орон нутгуудын тоогоо нэмэгдүүлж, хамрах хүрээгээ тэлээд зогсохгүй оролцогч NEAR-ийн төрөл бүрийн арга хэмжээнд оролцож буй байгууллага болон өндөр түвшний албан тушаалтнуудын оролцоо нэмэгдэж, талуудын харилцаа хамтын ажиллагаа өргөжсөнөөр гишүүн улс орнуудын итгэл ч дээшилж, NEAR-ийн олон талт солилцооны платформ болох үүрэг бүр бэхжиж байна. Өнөөдрийг хүртэл үүссэн гишүүн орон нутгуудын захиргааны байгууллагын итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч, үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Үүний дараа Киргиз улсын Чүй мужийн захирагч Канат Жумагазиев, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Шадар сайд Екатерина Кочетова, БНСУ-ын Пухан хотын орлогч дарга Жан Сан Гил, Япон улсын Шиманэ мужийн Байгаль орчин, амьдрах орчны газрын Дэд дарга Сотайюко, Монгол улсын Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх Ч.Ганзориг нар үг хэлж, NEAR-аар дамжуулан олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтын бүтээн байгуулалт, тэр дундаа төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдэв.

Ляонин мужийн захирагч Ли Лэчэн уулзалтыг өндөрлүүлж, NEAR-ийн Дээд түвшний ажлын хэсгийн 14р хуралд оролцсон 90 гаруй төлөөлөгчийг оройн зоогт урив.